Харанхуй буухаас өмнө Ризэгийн манантай уулсад ирлээ. Алсад хөвөх үүлс, хамгийн чанартай ногоон цайны талбайнууд нүдний өмнө номин ногоон далай шиг цэлийн харагдана. Насанд хүрэгчдийн аяллын хамгийн амттай хэсэг бол яарч сандрахгүйгээр, агаар дахь чийглэг цайны үнэрийг мэдрэн амгалан тайвныг балгах явдал байв.
Хар тэнгисийн зааг ба үдшийн гэрэл
Хил даван Гүржийн Батуми хотоор дайран өнгөрөв. Хар тэнгисийн эрэг дэх энэ хот сүрлэг, орчин үеийн барилгууд, үдшийн тод гэрлээрээ биднийг угтан авлаа. Хэдий дайран өнгөрөх богино хугацаа байсан ч тэнгисийн давалгааны дуу, хотын неонон гэрэлт гудамжууд аяллын шинэ хэмнэлийг сануулна.
Хуучин хотын нууцлаг уур амьсгал
Тбилисид ирэхэд цаг хугацаа зогссон мэт санагдана. Нарикала цаазын цайзын бэлд байрлах хуучин хотын чулуун гудамжаар алхахад эртний архитектур, модон банзтай сийлбэртэй балконууд сэтгэл татна. Үдэш нь Гүржийн алдартай улаан вино ба хинкали зооглон, хотын гүн соёлд уусан оров.
Хүхэрт рашаан ба эрх чөлөө
Абанотубани буюу хүхэрт рашааны түүхэн байгууламжид алжаалаа тайлав. Зуун зууны түүхтэй энэ газарт бие ба сэтгэлийн ядаргаагаа угааж, жинхэнэ амар амгаланг мэдэрсэн юм. Тбилиси бол зөвхөн үзэсгэлэнтэй хот биш, сэтгэлд дулаан дурамж хадгалах увдистай газар байлаа.
Уулсын чанад дахь эргэн ирэлт
Ризэ хотод буцаж ирээд хоёр хоногийг уулын чанад дахь анир чимээгүй модон байшинд өнгөрүүлэв. Энд хотын шугиан, стресс огт үгүй. Зөвхөн дотоод сэтгэлээ сонсож, сүрлэг байгаль, хүрхрээний дууг чагнан, жинхэнэ тайвшралыг авсан өдрүүд байлаа.
Хоёр тивийг холбосон төгсгөл
Аяллын төгсгөлийн зогсоол — Босфорын хоолойн эрэг дээрх Истанбул хот. Ази, Европыг холбосон энэ агуу хотод ганцхан хоног байсан ч түүний сүр жавхлан, цайны амт, тэнгисийн салхи аяллыг минь төгс болгосон юм. Азийн байгаль, Европын соёл сүлэлдсэн энэ замаар алхсан дурсгал сэтгэлд үүрд үлдлээ.
Зохиогч: Travel GiL